ШУУРХАЙ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна.

Өмнөдэлгэр сумын танилцуулга

Өмнөдэлгэр сум

1931 онд байгуулагдсан. Хойгуураа ОХУ-тай хиллэдэг 50 орчим км газраар, зүүнээрээ Батширээт, Биндэр, зүүн урдуураа Хэрлэн, урдуураа Мөрөн, баруун урдуураа Жаргалтхаан, Цэнхэрмандал, баруунаараа Төв аймгийн Мөнгөнморьт сумдтай хиллэн 11864 ам км талбай бүхий нутаг эзлэн оршино.
Сумын төв Айрагийн энгэр нь Хэнтийн нурууны зүүн хойд захын Баянцогт уулын  зүүн урд бэлд Өндөрхаанаас баруун хойш 130 км, Улаанбаатараас 270 км зайтай, далайн түвшнээс дээш 1400 орчим метр өндөрт х.ө 47°53’, з.у 109°55’-ын солбилцолд оршино. Сум 5.7 мянган хүн амтай. Сумын төвд улсын баатар Х.Дамбын хөшөө бий.


Сумын тахилтат уул нь Хутагхаан, Хэнтий хан, Биндэр овоо, Батширээт, Сүмбэдугдан, Баянбараат, Бурхан Халдун уулууд юм.
Нутгийн хойд хэсэг нь бүхэлдээ Хэнтийн нурууны уулс юм. Энд орших Хэнтий ханы нурууны оргил 2452м өндөр бөгөөд энэ нь сумын нутгийн хамгийн өндөр цэг болно. Мөн Хэнтий ханы араар 2298м өндөр Дуут Ян, 2278м өндөр Их Сүүхлэг, 1818м өндөр Цонжийн чулуу, 1754м өндөр Бөхөг цагаан, 2098м өндөр Бэрэнчин Ян, 1863м өндөр Улаан байц, 1517м өндөр Сант, 2297м өндөр Цүүц, 2362м өндөр Бурхан халдун, 2007м өндөр Тарсын тэгсгэр, 1958м өндөр Их даваа уулууд сүндэрлэнэ.
Хэнтий ханы өврөөр 2016м өндөр Баатар Яндан, 2221м өндөр Чинээт Ян уулууд болон Хэрлэн голын зүүн гараар Хонины гозгор, Босго тэнгэрийн даваа, 2080м өндөр Зүлэгт, 2101м өндөр Тэсгэр, 2196м өндөр Ясны өндөр, 2236м өндөр Баян-Ундрахын Ян, 2198м өндөр Тогоотын Ян, 1938м өндөр Жинстийн нуруу, Дэлгэрхааны нуруу, 2111м өндөр Дэлгэрхаан, Тэнүүн, Барх голын урдуур, Хурхын голын хойш 1799м өндөр Халзан, 2017м өндөр Сонгинотын нуруу, 2036м өндөр Өвөр шоргоолжит, 1718м өндөр Бага-Өлзийт, 1748м өндөр Байшинт, 1462м өндөр Дэлгэр-Өндөр, 1710м өндөр Ацын овоо, 1558м өндөр Цагаанчулуут, 1517м өндөр Түвдийн, 1695м өндөр Баянзүрх, 1476м өндөр Дэлгэрхаан, 1664м өндөр Их халиугчин, 1446м өндөр Их уулууд оршино.
Сумын нутгийн хамгийн нам цэг нь Хурхын гол сумын хэлийг зүүн хойшоо огтлон гарч байгаа цэгт 1000 орчим метр өндөрт оршино.
Гянт болд, цагаан тугалга /2 газарт үлэмж нөөцтэй орд бий/, хар тугалга, алт, барилгын материал зэрэг ашигт малтмалтай.
Нэгдүгээр сарын дундаж температур -22°С-23°С, долдугаар сарынх хойд хэсгийн уулсаар 12°С, зүүн хэсгийн нам талархаг газраар 16°С-18°С, хур тунадас уулсаараа 500мм түүнээс ч их, хамгийн өмнөд хэсгээрээ 200 орчим мм, бусад хэсгээр 300-400мм унана.
Сумын нутгаар Минж гол түүний цутгал Номт, Гацуурт, Дээд, Доод Кумыр, Минж, Их нихлиг, Их олонт, Нарт, Өнгөлжит голууд, Онон гол түүний цутгал өвөр Нарт, Дээд тарс, Улаанбайц, Дунд тарс, Хэрлэн гол түүний цутгал Илүүр, Богд, Их Ар, Бага Ар, Зүүн салаа, Эдинга, Тэнүүн, түүний цутгал Ар элгэн, Цагаан тэмээт, Зүлэгт, Орц, Бархын гол, түүний цутгал Сайхан гол, Мандал, Хурхын гол түүний цутгал Жаргалант, Өвөр Элгэн, Баруун Баян, Баян, Дундбаян болон Мөрөн гол түүний цутгал Тэнгэлэг зэрэг олон гол горхи урсана. Ялангуяа Хэнтий хан уулын ар өврийн ам бүхнээс гол горхи урсана. Ер нь Өмнөдэлгэр сумын нутгийн хойд хэсгийн Хэнтий хан уулын нутаг нь манай орны гол мөрний сулжээ хамгийн нягт, хамгийн их намаг устай нутгийн нэг юм.
Сумын нутагт Хангал, Хар, Хөх, Шар, Цэгээн, Жаргал нуурууд бий. Хан Хэнтийн уулсад мөстлөгийн гаралтай Хэнтий зэрэг нуурууд бас бий.
Сумын нутагт төмрийн найрлагатай Зүрт, гидрокарбонат калцийн төрлийн найрлагатай Улаанбулаг, гидрокарбонат-кальц, натрит төрлийн найрлагатай Өвөр элэгний, гидрокарбонат-хлорид натрийн найрлагатай Бархын рашаан, гидрокарбонат-кальц-магнийн найрлагатай Энгэр булаг, Жаргал нуурын рашаан гидрокарбонат натрийн найрлгатай Ононгийн зэрэг рашаан байна.
Тайгын цэвдэгт, тагийн, уулын нугын, хөлддөг дэмбүүлт хөрс, хар шороон, хар хүрмэн, нимгэн хар хүрмэн, нугын хүрэн, хүрэн хөрстэй. Хойд хэсгийн өндөр уулсаар хаг, хөвд, алирс бүхий хөвч тайгын шинэс, хушин их ойтой. Нарс, жодоо, хус улиангар, бургас зэрэг олон зүйл модтой. Том голын хөндийгөөр бургас шугуй, шинэсэн ойтой. Энд нэн ховор дагуур тэрэлж болон ховор ургамал, самар, жимс, эмийн ургамал элбэг. Зүүн ба өмнөд хэсгээрээ алаг өвст, хээрийн ургамалтай. Хадлан бэлчээрийн их нөөцтэй. Нэн ховор хүдэр, цэн тогоруу, ховор амьтан тоодог, булга, буга болон бусад амьтад баавгай, хандгай, гахай, бор гөрөөс, суусар, солонго, чоно, үнэг, хярс, тарвага, ойн ба хээрийн нүүдлийн шувууд элбэг. Онон, Хэрлэн мөрөн загасаар элбэг.
Сумын нутгийн хамгийн хойд хэсгийн нутаг нь Хан Хэнтийн дархан цаазат газрын хэсэг./ барагцаалбал 3000 гаруй ам км талбай эзэлнэ / Хан Хэнтийн нуруу нь унаган төрхөө алдаагүй, Евроазийн шилмүүст ой тайга, Төв Азийн хуурай хээрийн уулзварт оршиж, Туул, Хэрлэн, Онон мөрний усны ундарга болдог. Хан Хэнтийн нуруу нь жинхэнэ тайгын төрх байдлыг агуулсан бөгөөд монголчуудын олон үеийн түүхийн дурсгалыг хадгалсан нутаг учраас дархлагдсан газар юм.
Сум хонь голлосон 155 мянган малтай. Үр тариа, тэжээлийн ургамал тариалдаг, амралт, аж ахуйн үйлчилгээний төв, мод, хүнсний жижиг үйлдвэртэй. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл, худалдаа үйлчилгээний газруудтай.
Сумын нутагт орших Балдан бэрээвэн хийд, баруун Жаргалант гэдэг газар орших сүг зурагтай хадыг түүх соёлын дурсгалынх нь хувьд аймгийн хамгаалалтад авчээ.

 

 

www.khentii.mn
Хэнтий аймгийн нэгдсэн портал вэб сайт

Хэнтий аймгийн засаг даргын тамгын газар

Онлайн туслах
Утас : 0156223303
Факс : 0156222412
И-мэйл : baigalmaai@yahoo.com

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хэрхэн дүгнэж байна вэ?
 

Засаг даргын мэндчилгээ

Суут Богд их эзэн Чингис хааны өлгий нутаг- Хэнтий аймгийн цахим хуудаснаа зочлон буй эрхэм ноёд, хатагтай та бүхэнд төрөлх нутгийнхаа нийт ард иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Хан Хэнтий нутгийн зон олны хөдөлмөр бүтээл, аймгийн тvvх соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын тааламжтай орчин, дэд бүтэц, нийгмийн салбаруудын хөгжил, орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, нийгэм эдийн засгийн өнөөгийн хөгжил, цаг үеийн мэдээллийг энэ хуудаснаас Та олж авах болно.
Хил хязгааргүй интернэтийн орон зайг эзэмшигч таны мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.
Таныг хүндэтгэн угтсан:
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ОЮУНБААТАР

Хууль тогтоомж